Solongo Belendalai
2 min readJan 25, 2021

Мод ба би

Би бол мод, уян налархай хулс мод

Толгой дундуур минь бодлын үүл хөвөн нэвт нүүнэ

Би энэ бодлыг төрүүлээгүй

Үүл хоосноос ирсэн

Үүл мянга мянган моддын зулайг илээд нүүнэ

Үүл хоосон руугаа буцсан

Би бол мод, салхинд ганхах байгалийн өчүүхэн хэсэг

Их биеэр минь сэтгэл хөдлөлийн салхи сэвэлзээд өнгөрнө

Би салхийг төрүүлээгүй

Салхи хоосноос ирсэн

Салхи түм түмэн моддын их биен дээгүүр дайраад нүүнэ

Салхи хоосон уруугаа буцсан

Би бол мод, үндэс бөхтэй эмзэг амь

Ээж аав, эх орон бол газар

Мод газраас өндийсөн

Газар бум буман моддын суурь болж оршсон

Газар хоосноос бүтсэн

Газар бас биетээс үүссэн

Гэвч биет бас хоосноос бүтсэн

Би бол мод

Би үндэснээс ургасан мод

Үндэс бол ертөнц

Мод бүхэн энэ үндэснээс ургасан

Энэ үндэс өөрөө хоосон

Эр зоригтнууд энд бясалгасан

Энэ үндэс бол би

Тиймээс би мод

Модод үндэснээс эхтэй

Үндэс яагаад оршино вэ?

Үндэс мод болон газар дээр ургахын тулд оршино

Гэхдээ байж болох хамгийн сайхнаараа

Үндэс модыг тулахын тулд оршино

Гэхдээ мод өөрийгөө үндэс хэмээн мэдэрсэн ургах үед л

Тиймээс модонд хоёр үүрэг бий

Өөрийгөө хүлээн зөвшөөрөх

Үндэснээс урган нахиалах

Би гэрчилж байна энэ мөчид

Үүл хурдан бас удаан нүүж байна

Салхи зөөлөн бас ширүүн шуурч байна

Газар зөөлөн бас хатуу тогтнож байна

Үндэс бага багаар бас их ихээр өгч байна бас авч байна

Мод нүүж байна бас суурьшиж байна

Мод нар өөдөө тэмүүлж байна бас үндэс рүүгээ шигдэж байна

Энгийн нэгэн мод , эх байгалийнхаа, эцэг орныхоо энгэрт эрхлэх

Мод оршиж байна, бас ургаж байна

No responses yet